Бүрэнтогтох сумын түүхийн хураангуй
2024-12-05 00:00:00,   29

Бүрэнтогтох сумын түүхийн хураангуй
Засагт хан аймгийн Далай гүний хошуу нь Манжийн ноёрхлын үед (1691-1911он) халхын Өрнө замын баруун гарын этгээдийн адгийн хошуу нэртэй нэг гүйцэд сумын алба хүлээж явжээ. Богд хаант Монгол улсын (1911-1915 он) болон Автономит Монгол улсын үед (1915-1921 он) Засагт хан аймгийн Далай гүний хошуу гэж нэрлэгдэж Өвөр баруун, Ар баруун, Ар зүүн, Өвөр зүүн гэсэн 4 отогтой (зарим үед сум гэж нэрлэж байсан) 654 өрх, 3537 хүнтэй засаг захиргааны нэгж байжээ. Ардын засгийн үед (1923-1929 он) Хантайшир уулын аймгийн Бүрэнтогтох уулын хошуу хэмээх нэрлэгдэж байгаад 1929 онд Хантайшир уулын аймгийн Наранжаргалант уулын хошуутай нийлж 1931 он хүртэл нэрлэгджээ. Наранжаргалант уулын хошууг 1929-1931 онд Хантайшир уулын аймгаас салгаж, Цэцэрлэг мандал уулын аймагт шилжүүлж, засаг захиргааны харьяаллыг өөрчилсөн байна.
1931 оны 2-р сард Улсын бага хурал, Сайд нарын зөвлөлөөс гаргасан засаг захиргааны шинэчлэл явуулах тухай шийдвэрийн дагуу одоогийн Бүрэнтогтох сумыг “Боомын дэнж” хэмээх газар байгуулжээ. Тус сумын төвийг 1964 онд Дэлгэрмөрөн голын хөвөө “Улаан боомын дэнж” хэмээх
энэ газарт нүүлгэн суурьшуулжээ. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1973 оны 29 дүгээр зарлиг, Хөвсгөл аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1973 оны 2-р сарын 23-ны өдрийн тогтоолоор Бүрэнхаан, Бүрэн сумдыг татан буулгаж, Бүрэнхаан сумаас Бүрэнхаан бригадыг, Бүрэн сумаас Туяа бригадыг тус тус манай суманд хүн, мал, газар нутгийн хамт шилжүүлж, манай сумын Тээл бригадыг Төмөрбулаг суманд шилжүүлж засаг захиргааны харьяаллыг  өөрчилсөн байна. Бүрэнтогтох сумын нутагт хэдэн зуун жилийн өмнөх түүхийн дурсгал, соёл иргэншлийн холбогдолтой түүхийн ховор нандин өв олон бий. Сумын төвөөс 5-8 км-ийн зайд орших Дэлгэрмөрөн голын зүүн хөвөө, Алтан уул орчмын газраас 1955 онд О.Намнансүрэн тэргүүтэй археологич эрдэмтэд Мөнх хааны гэрэлт хөшөө, хааны орд харшийн туурийг судлан илрүүлж, түүх,
соёлын ховор өвийг олж, монголын үндэсний музей, эрдэм шинжилгээний зохих байгууллагад шилжүүлэн өгчээ. Түүнчлэн тус сумын нутагт Шонхортын өврийн мөөгөн хад, Дулааны голын сүг зурагт хад, Цагаан уушги уулын өврийн 15 буган хөшөө, хиргисүүр, Заяадайн амны сэнжит хад, Шадар ван Чингүнжавын шороон хэрэм, түүний дурсгалд зориулж Улаан богочийн арын хясаанд суулгасан өвөрмөц тогтоцтой 5 хар мод, Бүрэнхаан багийн Үлэмж нуурын захад байдаг 15 метр урт, 8 метр өргөн хаалгат хиргисүүр, Хядгын голын эхний 4 буган хөшөө зэрэг нь эртний түүх судлаачид, гадаад, дотоодын жуулчид, аялагчдын сонирхлыг ихэд татаж байдаг юм. Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, газар шорооны төлөө
мятаршгүй тэмцэж, алтан амиа зориулсан Шадар ван Чингүнжав энэ сумын нутагт төрж, их үйл хэргээ бүтээж байсан нь тус сумын ард түмний түүхэн бахархал төдийгүй, түүний эх оронч үзэл, улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцсэн мөнхийн гавьяа, эр зоригийг нутгийн ард олон, үе үеийнхэн газар нутаг түүх, домогтоо мөнхжүүлэн дуурсаж, бахархан хайрлаж иржээ. Тийм ч учраас тус сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2016 онд Хөвсгөл аймгийн ИТХ-ын шийдвэрээр Монгол үндэсний баатар Б.Чингүнжавын нэрэмжит сургууль болгосон нь ирээдүй, хойч үеийн хүүхэд, залуусыг өсөж төрсөн нутаг ус, эх орон, газар шороогоо хайрлан хамгаалах үзэлтэй иргэд болж төлөвшихөд чухал нөлөө бүхий арга хэмжээ болсон юм. Тус сумын нутагт Монгол улсын анхны Ерөнхий сайд асан, шашин төрийн нэрт зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар суурьшин амьдарч, ном эрдэм, шашин, төрийнхөө үйл хэргийг явуулж, шавь нутгийнхаа ард олныг соён гэгээрүүлж байсан түүхтэй. Түүнээс гадна Жалханз хутагтын 8 дүрийг тодруулсны 3 дүр нь Бүрэнтогтох сум (хошууны)-ын нутгаас тодорч байсан нь түүхэд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Жалханз хутагтын дурсгалд зориулсан сүм, музей, дурсгалын суваргыг Бүрэнхаан багийн төвд Хайрхан буурал хоршооны захирал байсан Д.Гармаагийн санаачилга, нутгийн сүсэгтэн олны оролцоотойгоор 1996 онд байгуулсан нь буянтай сайхан үйлс болсон юм. 2011 онд анх Мөрөн хотод босгосон Жалханз хутагт Дамдинбазарын хөшөөг 2014 онд зөөвөрлөн авчирч Бүрэнхаан багийн төвийн сүм, музейн дэргэд босгож их хутагтынхаа
дурсгалыг мөнхжүүлжээ. Бүрэнтогтох сумын нутагт 1930-аад оны дундаас эхлэн ардын хоршооллын суурь анх тавигдаж эхэлсэн бөгөөд 1956 оноос Дэлгэрмөрөн, Саруул зам, Сангийн далай, Их хүч, Эрчмийн оргил зэрэг нэгдлүүд байгуулагдаж, улмаар нийгмийн хөгжлийн явцад нэгдэн нийлж 1959 оноос Дэлгэрмөрөн хэмээх хамтын том аж ахуй болж 33 жилийн хөгжлийн замыг туулж 1993 онд хувьчлагджээ. Дэлгэрмөрөн нэгдэл нь ардын аж ахуйн жижиг хоршооноос 15 сая төгрөгийн үндсэн ба эргэлтийн хөрөнгөтэй, 12 сая төгрөгийн мөнгөн орлоготой, 1-1.5 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг хамтын том аж ахуй болтлоо хөгжихдөө санхүү, эдийн засгийн хүч чадлаараа тухай үедээ Хөвсгөл аймгийн ХАА-н нэгдлүүдийн дотор 3, улсад 46 сум-нэгдлийн дараа ордог том нэгдэл байжээ. Дэлгэрмөрөн нэгдэл нь тус сумын ард иргэдийн ахуй амьдрал, боловсрол, эрүүл мэнд, соёл иргэншлийг шинээр бий болгоход түүхэн үүрэг гүйцэтгэсний дээр баг, сумын төвийг тохижуулан барилгажуулах, малын хашаа саравч барих, худаг, уст цэг гаргах, хадлан тэжээл бэлтгэх зэрэг мал аж ахуйн материаллаг баазыг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулжээ. 1933 онд “Хойд гол” -д анхны хурлаа хийж байгуулагдсан эд хэрэглэгчдийн хоршооны салбар нь сумын худалдаа бэлтгэлийн анги болтлоо үйл ажиллагаа нь өргөжин тэлж, Бүрэнхаан багт өөрийн харьяа салбар ангитай, сумын төв, мал аж ахуйн бригад бүрд 1-2 агенттай, сумын төвд хүнс, барааны төрөлжсөн дэлгүүртэй, жилдээ 4,8 сая гаруй төгрөгийн барааны борлуулалт хийдэг, 6,1 сая төгрөгийн түүхий эд бэлтгэлийн зүйлийг иргэдээс худалдан авч, улсын бэлтгэлд нийлүүлдэг, 5,8 сая төгрөгийн барааг татан авчирч сумынхаа 1100 гаруй өрх, 4000 гаруй хүн амын хүнс, барааны хэрэгцээг хангадаг 40-50 хүний орон тоотой ажилладаг үйлчилгээний томоохон байгууллага 1994 онд татан буугдаж хувьчлагджээ.

2024-12-05 00:00:00