Б. Чингүнжав /1710-1757/
Б. Чингүнжав /1710-1757/
.Эх орон, элгэн түмнээ гэсэн халуун сэтгэлээр ядарсан түмнээ хамгаалж, зүдэрсэн олноо өмгөөлж манжийн луут тугны өмнө бөхөлзөлгүй зориглон боссон чин зоригт баатруудын нэг нь Хотгойдын Шадар ван Чингүнжав байлаа.
Чингүнжавын дээд өвөг нь алдарт Батмөнх даян хааны отгон хөвүүн Гэрсэнз жалайр хун тайжийн ахмад хөвүүн халхын Засагт хан аймгийн Ашихай дархан хун тайжийн хоёрдугаар хөвүүн Түмэндарь дайчингийн дөрөвдүгээр үеийн ач Бүүвэй бэйлийн төрсөн ач хэмээн түүхч судлаач нар тогтоожээ.
Чингүнжав нь Банди бэйлийн ууган хүү болон одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийндалай багийн нутаг “Биндэртийн өвөр” хэмээх газар 1710 онд мэндэлжээ. Банди бэйл хүүгээ халхын ноёд, тайж нарын нэгэн адил Бээжинд явуулж боловсрол эзэмшүүлжээ.
Чингүнжав 1737 онд Засагт хан аймгийн туслагч жанжин, Засаг бэйл болон өргөмжлөгдсөн авч манжийн бурангуй явуулгад байн байн няцаалт өгч тэрсэлж байлаа. Манжийн хааны зарлигаар Халхыг баруун Монголтой харилцаж худалдаа наймаа хийхийг хориглосон байхад Чингүнжавын албат нар чөлөөтэй зорчиж, тэдний дургүйцлийг хүргэснээс гадна Манжийн эсрэг тэрсэлсэн Жанцан хутагтыг барьж ирүүлэх тухай хааны зарлигийг зөрчиж харъяа нутаг хошуундаа нуун дарж байжээ.
Чингүнжавын захиргааны хотгойд нь их хотгойд, бага хотгойд, мянгад, халиучин, тогос, шичинуд, гэсэн 6 отгоос бүрдэж байжээ. Отог бүр нь 100-200 орчим өрхтэй байсан аж. Чингүнжав манжийн төрд “Зүйл зүйлээр тэрсэлж” байсан учир түүнийг 1743 онд Халхын туслах жанжин, Засаг бэйлээс огцруулж жирийн Засаг тайж болгожээ. Гэвч Чингүнжав харъяат хотгойд нартаа нэр хүндтэй, тэдний санаа сэтгэл, хүсэл мөрөөдлийг өөртөө татсан хамгийн дотно, шийдэмгий зоригтой Шадар ван нь байв. Эгэл олон Чингүнжавыг хүрээлэн нягтарч, дээдлэн хүндэтгэж байснаас Манжийн хаан хуучин шийтгэлээ уучлан, Жүн ван цол өргөмжлөн Хотогойд аймгийн тэргүүн болгон цэргийн туслах жанжны тушаалыг хавсруулжээ. Чингүнжав өвөг эцэг Бүүвэй бэйл, өөрийн эцэг Банди ахай дайчин шиг Манж дээдсийн өмнө өвдөг сөхрөн наминчилж өр төлөн залбирч явахыг хүссэнгүй. Тэр өөрийн гэсэн бодол, сэтгэлээр манжийн дарангуйллыг үл тэвчин харийн боолчлолоос салахын түүс болж байлаа.
Тийм ч учраас Дөрвөдийн Цэрэнмөнхийн хөвгүүн Баран тайж Манжаас урваж оргосныг Чингүнжаваар нэхүүлэхэд тэр ихэд хойргошин гүйцэгдсэнгүй хэмээн мэдэгдсэн нь худал болох нь мэдэгдэж Манжийн хаанаас бас зэмлэл хүртэж байжээ. Зүүн гарт Манжийн эсрэг зэвсэгт бослого эхлэхэд Чингүнжавыг хуувийн сайд Хадаха-г дагалдан Амарсанааг дайлаар од хэмээн тушаасанд бас л цааргалан хойд жил /1756 он/ дайлсугай хэмээн мэдүүлээд шүүгдэхдээ тулж байв.
Манж нар Чингүнжавыг аргадан хуучин хэргэм цолыг нь буцаан олгосон ч тэр манжийн бурангуй бусармаг дарангуйллыг сэтгэл зүрхээрээ мэдэрч, тэдэнд морь нохой мэт зүтгэхийг хүссэнгүй. Манжийн ноёрхлын үед ард түмэн дааж давшгүй алба гувчуур төлж, өртөө харуулын албанд нухлагдан, сэхэл авахгүй сүйрч тэсэхүйеэ бэрх амьдарч байсныг Чингүнжав тэвчин харж, сөгдөн захирагдаж байхыг хүлцсэнгүй. Манж ноёдын хэрцгий догшин , мөлжөмтгий, ял торгуульд унагаасан, хээл хахуульд идэгдсэн ялзрал нь Чингүнжавын ясны дургүйг хүргэж байв. Манж нар халхын засаг ноёдыг улс төрийн нэгдмэл хүчин байхыг тасалдуулж, засаг хошуудыг дотор нь бутарган жижиглэж байв.
Манжийн ноёрхлын үед халхад 86 Засаг ноёд байсан бөгөөд тэдэнд ван, бэйл, бэйс, гүн, тайж хэргэмийг хөхүүлэн шагнаж, тусгай пүнлүүний мөнгө, торго хүртээж байсан ч зарим нь тэдний дуулгавартай гар, хөл болж байсангүй.
Харийн түрэмгийлэгчдээс эх орон, газар шороо, ард олноо чөлөөлөх чин хүслээ хөвчлөн боссон Чингүнжавын бослого, тэмцэл нь тэнгэр хилэгнэж, аянга буухын эхлэл болсон юм.
Хэдийгээр Манж нар Шадар ван Чингүнжавыг 1757 онд Бээжинд аваачиж биед нь 81 зоос тавьж нүхээр нь цухуйсан махыг огтчин авч, дараа нь амьдаар нь өвчүүг нь хадаж, толгойг нь цавчиж бүрэлгэсэн гэдэг. Цагийг эзэлсэн Үндэсний баатар, цогт эх оронч Шадар ван Чингүнжав нь 47 насандаа ийнхүү нас эцэслэжээ.
Чингүнжаваар удирдуулсан монголчуудын Манжийн эсрэг хийсэн 1755-1758 оны бослого дарагдсан үндсэн шалтгаан нь юуны өмнө цэрэг-эдийн засгийн хүчний эрс тэнцвэргүй байдал, Монголын язгууртан нарын эв нэгдэлгүй, амин хувиа хичээсэн үзэл бодолтой холбоотой байв. Гэвч 1755-1758 оны бослого тэмцэл нь шууд үр дүнд хүрээгүй боловч Монголын түүхэнд нийт монголчуудын оюун сэтгэлгээ, ухаан бодолд гүн бат хоногшин үлдэж, өнөө хир өөрийн ухаарал, сургамжийг хайрласаар байна.
Чингүнжавын ард олноо Манжийн дарлалаас ангижруулах гэсэн чин хүсэл, мөрөөдөл нь 1911 онд биелж Монгол улс харийн боолчлолоос чөлөөлөгдөж тусгаар улс болох эхлэлийг тавьсан юм